Бизнесийн сайн хэлэлцэгч байх нь төрмөл ур чадвар уу ?

Бизнесийн сайн хэлэлцэгч байх нь төрмөл авьяас гэж үү ? эсвэл…

Бизнес хүмүүсийн гол ур чадваруудын нэг бол Хэлцэл хийх чадвар юм. Бидний эргэн тойронд болж буй ихэнх харилцаа хэлцлээр дамжиж хийгддэг. Хүүхэд төрснөөсөө хойш л эцэг эх, эргэн тойрныхоо хүмүүстэй хэлцэл хийж эхэлдэг гэдэг. Жишээ нь:  хүүхэд бүр тоглоом элдэв сонин зүйлд татагдах нь элбэг. Тэдний хязгааргүй хүслийг эцэг эхчүүд бүгдийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс хүүхэд бага байхаас эхлэн өөрийнхөө тэр хязгааргүй хүслийг эцэг эхээрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэлцэл хийж эхэлсэн байдаг. Томчууд тэр бүр анзаардаггүй боловч тэд байнга хэлцэл хийж байдаг. Энэ нь хүн төрөхөөсөө эхлээд байнгын хэлцэлд оролцож байдаг гэсэн үг юм.

Бизнест ялгаагүй хэлцлээр дамжуулан бид өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тэгэхээр бизнест хэлцэл голлох хувийг эзэлдэг. Хэрэв бизнест сайн хэлэлцэгч байж чадахгүй бол тэр бизнес амжилттай явна гэдэг нь эргэлзээтэй.

Харин сайн хэлцэл хийдэг менежер, удирдлагууд угаасаа төрмөл байдаг уу эсвэл тэд тодорхой хугацааны үр дүнд сайн хэлэлцэгч болдог уу?

blog 05

Хэлцлийг амжилттай явуулахын тулд хүний сэтгэлгээний хэв маяг том үүрэгтэй.

Стэнфордын Их Сургуулийн Профессор. Carol S. Dweck өөрийн туршилтууд судалгааны үр дүнд хүний сэтгэлгээний онцлогийг ерөнхийд нь 2 хувааж болохыг тайлбарлажээ.

Хүмүүсийн нэг хэсэг нь ТОГТМОЛ сэтгэлгээтэй, нөгөө хэсэг нь ӨСӨН ДЭВЖИХ сэтгэлгээтэй байдаг талаар маш сонирхолтой ном бичсэн байдаг. Түүнчлэн эдгээр сэтгэлгээний хэв маягууд бизнест хэрхэн нөлөөлсөн талаар тэр дундаа сэтгэлгээний хэв маяг хэлцэл хийх ур чадварт яаж нөлөөлж байгаа талаар тодорхой жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Хэлцлийг амжилттай явуулахад энэ 2 сэтгэлгээний хэв маяг хэрхэн нөлөөлж байдгийг доорх туршилтууд баталж байгаа юм.

Carol Dweck их сургуульдаа хэлцлийн ур чадварын хичээлийг зааж байх явцад хичээл авсан нийт хүмүүсийн тал хувь нь Хэлцэл хийх ур чадварууд, Хэлцлийг амжилттай хийх ур чадвар нь урт хугацаанд хүнд төлөвшинө, өөрчлөхөд их хугацаа орно гэсэн агуулгатай хичээлүүдийг сонгож байжээ.  Харин нөгөө хэсэг нь Хэлцэл хийх ур чадвар нь өөрчлөгддөг зүйл, тэр чадварыг хүн өөртөө суулгаж, хөгжүүлж  болно гэсэн агуулгатай хичээлүүдийг сонгон судалж байжээ.

Эндээс ажиглалт хийхэд Өсөн дэвжих сэтгэлгээтэй хүмүүс нь Хэлцэл бол ямар нэг өгөгдсөн ур чадвар биш, хүн тэрхүү ур чадварыг эрэлхийлж , өөртөө суулгаж, улмаар амьдралынхаа туршид хөгжүүлж чадна гэдэгт итгэдэг байна. Гэтэл тогтмол сэтгэлгээний хэв маягтай хүмүүс нь сайн хэлэлцэгч байх нь тэр хүнд тогтсон ур чадвар юм гэдэгт итгэж үнэмшдэг байна.

Сонирхолтой туршилт

Хэлцлийн ур чадвар хичээлд оролцсон нийт оролцогчдыг ямар нэг хэлцлийн ур чадвар шаардсан ажлуудыг өөрсдөөр нь сонгуулах даалгавар өгөөд тухайн даалгаврыг хийх явцад нэг хэсэг нь  өөрсдийн ур чадвараас аль нэгийг харуулах тэгээд даалгаврыг амжилттай биелүүлэх, харин нөгөө хэсэг нь алдаа гаргах, будлих тэндээсээ ямар нэг хэлцлийн суурь ур чадварыг олж эзэмших гэсэн 2 зорилготойгоор даалгавруудыг өгсөн.

Гэтэл оролцогчдын 47% буюу тогтмол сэтгэлгээтэй хүмүүс нь өөрт байгаа ур чадвараар амархан хийчих даалгаврыг сонгожээ. Харин оролцогчдын үлдсэн хувь нь алдаа гаргаж түүнээсээ суралцах, даалгавраа улам ухах, ингэснээр шинэ ур чадварыг өөртөө суулгах боломжоо олж авсан.

Эндээс харахад өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн бол аливаа сорилтыг боломж болгон харж, сорилтоос нүүр буруулах биш түүнийг улам тайлах, даван туулах чин эрмэлзэлтэй. Аливаа сорилтоос заавал нэг зүйлийг өөртөө тусгаж суралцана гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс улам олон ур чадварт суралцаж улам их хөгжсөн хүмүүс  байдаг. Иймдээ ч хэлцлийг маш сайн явуулж чаддаг.

Гэхдээ профессор маань өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн байгалиасаа тийм төрөөгүй явцын дунд өөрийнхөө сэтгэлгээний хэв маягийг өөрчлөх боломжтой гэдгийг ч мөн туршилтуудаар тодорхой жишээн дээр тайлбарласан байдаг.

Тогтмол сэтгэлгээтэй хүмүүс Хэлцлийг урлаг гэж ойлгох талдаа илүү итгэл үнэмшилтэй байдаг төдийгүй зарим нь сайн хэлэлцэгчийг төрмөл авьяастай, эсвэл хэлцлийн ур чадварыг суулгах, хөгжүүлэх  боломж бага, маш урт хугацаа орно гэх мэтээр ойлгодог.

Харин өсөн дэвжих сэтгэлгээтэй хүмүүс бүх хүн өөрчлөгдөх боломжтой төдийгүй суурь шалгууруудыг ч мөн өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Ийм сэтгэлгээтэй хүмүүст туршлага бол ямагт багш нь байдаг.

Гэхдээ өсөн дэвжих сэтгэлгээтэй байлаа гээд хэлцлийг үргэлж өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлнэ гэсэн үг биш. Хэлцэл бол 2 талын сонирхлууд харилцан ашигтайгаар хамгийн тэнцвэртэй зөв цэг дээр уулзах уулзвар. Сайн хэлэлцэгч нөгөө талынхаа сонирхолд үйлчлэнгээ өөрийнхөө талд бас ашигтай байх хэлцлийг хийж чаддаг хүн. Өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн хэлцэлд оролцохдоо маш бүтээлч санаачлагуудыг дэвшүүлж түүнийгээ харилцан ашигтайгаар хүлээн зөвшөөрүүлж чаддаг.

Өсөн дэвжих сэтгэлгээтэй хүмүүс бол байнгын суралцагчид байдаг. Тасралтгүй суралцсанаар маш их хөгжсөн байдаг. Маш сайн ур чадвартай мөртлөө тогтмол сэтгэлгээтэй хүн бол нэг төвшиндөө л байх боломжтой. Иймд хэлцэл бүрээс шинэ зүйлийг суралцаж, дутагдалтай тал дээрээ ажиллаж, түүнийгээ хөгжүүлж явдаг хүмүүс амжилттай сайн хэлцлүүдийг  явуулж чаддаг байна.

Хэлэлцээрийг амжилттай явуулах BATNA (Best Alternative to a Negotiated Agreement )  онол, практик, хэлэлцээрийн ур чадварын олон сурах материалууд байдаг ч  Яагаад зарим хүмүүс илүү амжилттай хэлцлийг явуулж байна вэ? Яагаад? зарим нь төдийлөн амжилттай хэлцэл хийж чадахгүй байна вэ?

Сайн хэлэлцэгч байж бизнесээ амжилттай удирдахын тулд одоогийнхоо сэтгэлгээний хэв маягаа тодорхойлж үзээрэй. Хэрэв та тогтмол сэтгэлгээтэй хүн бол өөрийгөө өсөн дэвжих сэтгэлгээтэй болгож өөрчлөх боломж үргэлж байдаг.

NCD  Ногоон ирээдүйг бүтээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked (required)